2023-11-16

Түүнийг гэх дурсамж номын тэмдэглэл

Түүнийг гэх дурсамж номын тэмдэглэл

Түүнийг гэх дурсамж номын тэмдэглэл

Энэ яг үнэндээ дурсамжийн тухай ном биш юм. Харин өнгөрсөн бүхнээ ялан дийлэх гэж хичээж буй ялалтын тухай ном юм.Амьдралыг ч асуудлыг ч амаргүй харилцааг ч даван туулж, эрчлээс зангилааг нь тайлах гэж хичээж буй хувь заяаны бяцхан тэмцлийн түүх юм. Бас гайхалтай романтик хайрын түүх. Магадгүй энэ зохиолоор кино бүтээгдвэл сая сая хүмүүсийн сэтгэлд хүрэх нь дамжиггүй. Кенна анх удаа охиныхоо зургийг харах тэр мөч үнэхээр сэтгэл хөдөлгөм, нулимс дуслуулам байсан. Яг л түүний хажууд хараад сууж байгаа мэт мэдрэмж авсан шүү. Эх хүн болохоор ч тэр юм уу үр хүүхдээ өдөр бүр харж ,өдөр бүр үнсэж хайрлаж чаддаг байх нь ямар их завшаан болохыг мэдэрсэн. Болдог бол Кеннагийн нулимсыг нэг ч гэсэн удаа арчиж өгмөөр .Уй гуниг ганцаардлынх нь ганц хань аль хэдийн хорвоог орхисон амраг хайрт нь байна гэхээр ямар өрөвдөлтэй вэ? Ямар аймшигтай вэ? Түүнд үнэнийг өчих зүйл үзэг цааснаас өөр байгаагүй. Өчиггүй тэд ч бас дуулгавартайгаар түүний үгийг шингээсэн. Хожим нь хойно үнэнийг тэд өөр бусдад илчилж чадсан гавьяатай. Магадгүй тэр гавьяа нь Скотти байсан байх гэж боддог юм. Лежер түүнд "Бүхий л байшин үндсэндээ адилхан буюу дам нуруу, гипсэн хана, банзнаас бүрддэг.Гэхдээ дээвэр ханатай байлаа гээд байшин гэр болдоггүй. Харин доторх хүмүүс нь байшин гэр болгон хувиргадаг.Харин миний хүмүүс бүгд энд байна" гэж хэлдэг. Энэ үг чухамдаа орон байр, гэр бүлийн тухай хэлхээс гадна хүний сэтгэлийн бүрэн бүтэн байдлыг давхар илэрхийлж байгаа юм.Бүх хүн л мах цуснаас бүрдсэн нэгэн бодгаль бие боловч хайртай хүмүүстэйгээ хамт байж гэмээн жинхэнэ хүний амьдралын аз жаргалыг мэдрэх ёстой ажээ. Нэг л эхлүүлсэн бол нүдээ ч салгалгүй уншиж дуусгамаар сайхан ном байлаа.

Төгсгөл нь бүр сайхан....Яг л бидний хүсдэг шиг ... Doogii Eyre