5 секундийн дүрэм - Миний амьдралд хэрхэн нөлөөлсөн тухай.
5 секундын дүрэм - Миний амьдралд хэрхэн нөлөөлсөн тухай. Өдрийн мэнд. Групп дээр "5 секундийн дүрэм" номын тэмдэглэлийн уралдаан зарлаж байгаатай холбогдуулан энэ гайхамшигт дүрэм миний амьдралд хэрхэн нөлөөлж, хүчтэй дадлуудын минь нэг болсон тухай жижигхээн туршлагаа хуваалцах гэсэн юм.
4 жилийн өмнө би гэнэт ачаалалаа дийлэхээ больж, түүртэн олон чухал ажлуудаа хойш тавьдаг болсон байв. Угаасаа төлөвлөж, төлөвлөгөөний дагуу эмх цэгцтэй явдаг хэмнэл маань гэнэт алга болж нэг л их ядарсан хүн болж хувирлаа. Толгойд хийх ажлууд ээлжээ хүлээгээд байгаад байдаг, гэтэл миний гараас юм гарахгүй болж эхлэв. Нэг л зүйл болохгүй байгааг анзаарсан би хэдэн өдөр өөрийгөө ажиглалаа.
Гэтэл надад дараах хам шинжүүд илэрч байна. Баахан ажил төлөвлөчөөд тэдгээртээ түүртдэг болсон, Өөрийгөө өрөвддөг болсон, Өөртөө нөлөөлөх чадвар минь суларч, өөртөө үнэнч биш болсон, Тэгж байгаад хийчнэ.... Ингэж байгаад .... гэх мэт хойш тавих хандлагатай болсон, Ажиллаж ч чадахгүй, амарч ч чадахгүй болсон байв. Ер нь энэ бол хөгжлийн нэг төрлийн гацаа л юм. Надад 2 сонголт байсан. Гацаандаа үлдээд өдөр утмын хийдэг зүйлсээ хийгээд явдаг нэгэн болох, эсвэл энэ гацаанаасаа гараад хувь хүнийхээ хөгжилд Level Up хийх. Надад буцах, нэг газраа удаан зогсох сонголт байж болохгүй. Яагаад гэвэл би өөрийн амьдралын хэв маяг буюу энэ хорвоод хэрхэн амьдарч туулахаа тодорхойлсон, зорилготой учраас урагшаа явах ёстой. Гэхдээ яаж???
Яг үүн дээр миний сониуч зан минь намайг шөнийн 2 цаг хүртэл интернетийн ард суулгасан. Яг юу хайгаад байгаагаа мэдэхгүй ч ямар нэгэн зүйл хайж байсан. Хайсан зүйлээ олсон маань Мел Роббинсын "5 секундын дүрэм" номын тухай бичвэр байлаа. Номыг бүхэлд нь уншаагүй ч интернетээс англи хэл дээр номын гол санаа, аргачлалыг бүх сурвалжаас хайж олж уншаад, энэхүү аргыг амьдралдаа хэрэгжүүлсэн хүмүүсийн үр дүнг уншаад шууд л өөр дээрээ хэрэгжүүлэхээр шийдсэн. Маргаашнаас эхлээд аливаа зүйлийг хийе гэж бодсон л бол шууд "5, 4, 3, 2, 1" буюу 5 секундын дотор үйлдэл хийгээд явсан.
Мэдээж, эхлээд тийм амар байгаагүй. Юу хийгээд өөрийгөө ингэж зовоож байнаа гэж боддог л байлаа. Гэхдээ энэ дүрмээр үйлдэл хийснээр үр дүнгүүд шууд харагдаад эхэлсэн тул урам авч, өөртөө эерэгээр нөлөөлж эхэлсэн. Ухамсартаа энэ 5 секундэд багтаан үйлдэл хийх ёстой гэдгээ программчлаад ирэхээр сүүлдээ дадал болдог юм билээ.
Өнгөрсөн 4 жилийн хугацаанд өнөөдрийг хүртэл энэ энгийн гайхамшигтай "5 секундын дүрэм" надад дараах байдлаар нөлөөлж, миний дадал хэвшил болсон: Аливаа эргэлзээнээсээ салсан, Өөртөө нөлөөлөх чадвар маань нэмэгдсэн, Цагийн юмыг цагт нь хийдэг болсон тул хувийн бүтээмж нэмэгдсэн Амьдралаа хяналтандаа бүрэн авсан. Ингэснээр амьдралын бүх талбаруудаас нэн чухал талбаруудынхаа тэнцвэрийг барьж чаддаг болсон Илүү зоригтой болсон. Дургүй, хүсэхгүй зүйлээ мартаж чаддаг, бас "Үгүй" гэдэг үгийг эелдгээр хэлчдэг болсон,
- Өдөр тутмын жижиг атлаа биднийг том алдагдалд оруулдаг жижиг залхуурлуудаас салсан,
- Илүү хурдтай болсон,
- Хэрэггүй олон санаа зовнилуудаас салсан,
- Өөрт минь, амьдралд минь, ажилд минь, хүүхдүүдэд минь хэрэгтэй л гэж бодсон бол шууд шийдвэр гаргадаг буюу шийдвэр гаргах чадвар минь сайжирсан,
- Төвлөрөл сайжирсан....гэх мэт
Надад, танд хэрэгтэй зүйлс хажууд л байдаг юм билээ. Энэ ном бол уншсан хүндээ үр дүнгээ шууд өгдөг ном. Гол нь уншсан бол зүгээр сонирхоод унших биш, өөр дээрээ туршаад үзэх хэрэгтэй. Үйлдэл... үйлдэл.... бас дахин үйлдэл..... Таны гайхамшигт дадал хэвшил болно.
Шинэ жил, цагаан сараар энэ номыг бэлгэнд өгөх хэрэгтэй гэж би боддог шд... Хийх ажлаа олж ядсан, гиюүрсэн, өдөр тутмын жижиг залхуурлаасаа болоод байнгын жингүйдэж амьдраад бүтээмжгүй, бодит үр дүн гаргахгүй байгаа хүмүүст тун хэрэгтэй ном.
Би өөрийн сургалт болгоныхоо дундуур яаж ийгээд энэ "5 секундын дүрэм"-ийн тухай ярих дуртай. Нэг хүн ч гэсэн хэрэгжүүлээсэй гэсэндээ... "5 секундын дүрэм"-ийг хэрэгжүүлснээр өнгөрсөн 4 жилийн хугацаанд олон ч том ажлуудын ард гарч, амьдралаа хөнгөн болгосон. Хэрэгтэй ном хэрэгтэй үедээ л гарсан шүү. Хүн өөртөө таалагдснаар амьдрах аргаа өөрөө хайж олдог, түүнээс хэн нэгэн хүн бараг л зааж өгөхгүй. 2022.11.29 Khandaa Batkhand Gerel