2023-09-07
12 НООТ
Би юу сурсан бэ? товчхондоо
Энэ номыг уншаад юу сурсан, юу ойлгосон цаашдын үйл хэрэгт маань хэрхэн нөлөөлж байгааг товчхон хуваалцъя!
- Номын зохиолч Куинси Жонс гэдэг эрхмийг шүтэж амьдаръя гэмээр л үүх түүхтэй, гавьяа шагналтай хүн юм билээ. Грэмми Авардсын шагналд 80 удаа нэр дэвшсэн, харин 28 удаа тус шагналыг хүртсэн домогт уран бүтээлч. Алдарт Майкл Жексоныг урлагийн салбарт хөл тавихад нь чиглүүлж байсан эрхэм юм билээ. Хамгийн гол нь манай улсад энэ шагналд нэр дэвшиж байсан хэдэн хүн байдаг юм болоо гэсэн асуулт гарсан.
- Сонсох дуртай, бас л дэлхийн од Weeknd энэ номын өмнөх үгийг бичсэн байсан. Залуу үеэ хөлийг нь дөрөөнд хүргэхэд тусалдаг сэтгэл нь өнөө дэлхийн одыг номын эхний хуудсанд үгээ, сэтгэлээ хуваалцахад хүргэжээ. Ийм л хүний үгийг сонсохгүй бол болохгүй гэдэг сэтгэлээр номоо шунан дурлан уншсаан. Үнэхээр хайр дүүрэн, үнэн бас сэтгэл хөдлөлтэй хуудсууд байсан. Хүн гоё сайханд татагддаг ч хатуу бэрх зүйлс л хүнийг хүн болгож хатуужуулж илүү дээшээ өсгөдөг үү гэж бодмоор.
- Хүүхэд насны амьдралаасаа хуваалцсан нь ямар их зүйлийг бодогдуулав аа. Ээж нь бага байхад нь сэтгэл зүйн өвчнөөр өвдөж хамт байгаагүй нь үр хүүхдэд нь ямар том сэтгэлийн, хайрын орон зай үлдээснийг уншаад нулимс дуслуулахгүй байж чадаагүй. Ээж аав бүр эрүүл байж, өөрийгөө хайрлаж урт удаан наслаасай гэж бодогдсон.
- Ялгаварлан гадуурхагддаг нийгэмд унаж боссоор өнөөгийн амжилтаа бүтээснийг нь хараад өнөө бидний зовлон гэдэг зүйл юу билээ гэж бодмоор. Гадуурхагдсанаасаа болоод оршуулгын газар хоног төөрүүлдэг байсан гэх үг өгүүлбэр өнөөдөр ч бодоход гашуун байна.
- Олны таалалд нийцнэ гэж хэзээ ч байхгүй шүү тиймээс хийнэ гэснээ зүгээр л хий гэжээ, залуу байхаар залуу хүн ш дээ туршлагагүй, энэ бид хоёр юу чаддаг юм бэ гэж хүмүүс тавладаг бол хөгшрөхөөр хөгшин төгцөг гэдэг. Тэгэх тусам өөртөө итгээд хийгээд байгаарай л гэсэн байна лээ. Тийм дээ ч энэ хүн ковидын хөл хорионы үеэр зүгээр биш зүлгэж суугаад төгөлдөр хуурын онлайн хичээлээ 2 сая хүнд борлуулж чаджээ.
- Нас бол тоо гэдгийг өнөө энэ номоороо ойлгуулж буй нь хийж бүтээхээс өөр сонголт үгүй шүү л гээд байсан. 45 гараад л тэтгэврээ хүлээдэг хүмүүс олон байдаг нь анзаарагдсан, одоо тэдэн жил ажиллачихвал тэтгэвэртээ гараад сайхан суунаа гээд л ... тийм биш гэдгийг илүү мэдэрнэ, тиймээс номыг бүтнээр нь заавал уншаарай.
- Үргэлж өөрийгөө цэнэглэж өөрийгөө дасгалжуулж сураасай гэж зөвлөсөн зөвлөгөө бас гоё. Мэдээж энэ санааг та мэддэг ч энэ хүний амьдралын түүхтэй холбоод бодож тунгаавал илүү гүн гүнзгий ойлгоно.
- Хүн хэрэгтэй мэдлэг мэдээлэл, санаа авчихаар хамгийн хайртай хүмүүсээ боддог доо. Би лав хоёр хүүхэддээ л уншуулъя гэж бодсон. Хүний тэсвэр тэвчээр, хатуужил ямар гайхалтай байдгийг мэдрээсэй, хүн хаанаас босож ирдгийг ойлгоосой, хичээн хөдөлмөрлөвөл юунд ч хүрч болдгийг хараасай гэж бодсон. Би яриад өгөх нэг хэрэг харин өөрсдөө цаг гаргаад уншаад тэр бүх үг өгүүлбэр, агшин мөчийг мэдрээд ойлгоно гэдэг тэс өөр зүйл юм.
- Нягт нямбай, хариуцлагатай, хийх ёстойгоо яс хийх нь дараа дараагийн боломжийг танд авчирдаг гэдгийг дэлхийн одуудтай хамтран ажилласан ажлуудаараа тайлбарласан байсан. Эдгээрийг уншаад юм бодохгүй, нягт нямбай байх гэж хичээхгүй бол тэгээд өөрөө өөртөө л гомдохоос гэж бодтол бичсэн байв.
- Томоор мөрөөдөж том зорилго тавьж түүнийхээ төлөө хичээн хөдөлмөрлөх нь чухал шүү гэдгийг бас хэлнээ хэлнээ. Аялал, аяллын амт, аялал чамд юу өгдөг гээд гоё гоё санаа оноо их бий. Бүхэл бүтэн номыг тэр чигт нь бичнэ ч гэж юу байхав угаасаа. Зориулалт гаргаад авч уншаарай. Өөрөө тэмдэглээд хаа нэг эргэн харж өөртөө сануулж байгаарай. Би маш олон тэмдэглэгээ хийсэн. Тэдгээрээ өнөөдөр сэргээн харангаа хуваалцахыг хүслээ.
Миний хайртай ном болсоон. Аав ирээд зөвлөөд байгаа юм шиг тийм гоё мэдрэмж, сэтгэл байлаа. ✨⚡🫶 Номын цагаан буян гэдэг нээрээ үнэхээр буян юмаа.
Бичсэн: Д. Гэрэлмаа